Dghumans Startup Challenge хүүхдүүдэд зориулсан сургалт, уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Dghumans Startup Challenge хүүхдүүдэд зориулсан сургалт, уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

“Дэлгэр говийн хүн сан” нь хүүхэд, залуучуудад боловсрол олгох, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх стратегийн хүрээнд Dghumans Startup Challenge–ийг 2025 оны 11-р сарын 29, 30-ны өдрүүдэд Сайншанд хотод амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт, уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудад шинэ бизнесийн санаа, санаачилгыг амжилттай төсөл болгон хөгжүүлэх, загварчлах, турших, мөн хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга боловсруулахад шаардлагатай мэдлэг, аргачлалыг олгох байв.

Арга хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон коллежийн 14–18 насны 15 сурагч хамрагдсан бөгөөд стартап, энтрепренершипийн үндсэн ойлголт, загварчлах сэтгэлгээ, бизнесийн загвар, хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн үйлчилгээний анхны хувилбар боловсруулах арга, бизнес найраа хийх ур чадвар, олон талт санхүүжилт босгох боломжууд, оюуны өмчийн хамгаалалт зэрэг сэдвүүдээр сургалт орлоо.

Сургалтын явцад оролцогчид өөрсдийн бизнес санааг танилцуулж, хамт оролцогчдоороо үнэлүүлэн, хамгийн олон санал авсан “Med express”, “Our press hub”, “Creative corner”, “Animal cafe” гэсэн дөрвөн санаанд хуваагдан баг бүрдүүлж ажилласан нь уралдааны үндэс болсон.
Шалгаруулалтын комисст “Дэлгэр говийн хүн сан”-гийн төлөөлөл, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллав.
Нэгдүгээр байр – “Our press hub”
13–18 насны ЕБС болон коллежийн суралцагчдад зориулсан тухтай орчин бүхий өөрийн болон хамтын хичээл, даалгавар хийх боломж, хэвлэх-хувилах үйлчилгээ, бичиг хэрэгслийн худалдаа, үнэгүй өндөр хурдны интернет, цайны булан, номын булан, дундын багаж хэрэгслийг нэг дор багтаасан цогц үйлчилгээний төв байгуулах санаачилга.
Хоёрдугаар байр – “Creative corner”
Байгальд ээлтэй, дахин давтагдашгүй гар урлалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд захиалгаар урлан хүргэх санаачилга.
Гуравдугаар байр – “Med express”
Эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хурдан шуурхай хүргэх үйлчилгээ бүхий эмийн сангийн санаачилга.
Дөрөвдүгээр байр – “Animal cafe”
Гэрийн тэжээвэр амьтдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тэжээвэр амьтан болон холбогдох хэрэгсэл худалдаалах, хаягдсан амьтдыг эмчилж эзэнтэй болгох, амьтанд хайртай хүүхдүүдэд цагийн ажил хийх бололцоо олгох, мөн амьтанд хайртай хүмүүсийг холбох орчин бүрдүүлэх санаачилга шалгарлаа.





























